Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагын эрхэм зорилго оршино.
Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ:
Эрхэмлэх үндсэн зарчим 1: Хууль дээдлэх
Төрийн захиргааны хяналт шалгалтын үндсэн зарчим мөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь гагцхүү хуульд захирагдан, түүнийг удирдлага болгон ажиллана.
Эрхэмлэх үндсэн зарчим 2: Шударга ёсыг баримтлах
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь бүхий л үйл ажиллагаандаа голч, шударга, улс төрөөс ангид байх зарчмыг баримтална.
Эрхэмлэх үндсэн зарчим 3: Ил тод, бодит байх
Төрийн захиргааны хяналт шалгалтын нэг үндсэн зарчим байна. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа нь нээлттэй, гагцхүү бодит байдал, баримтад тулгуурласан байх зарчмыг мөрдлөг болгоно.
Эрхэмлэх үндсэн зарчим 4: Итгэл хүлээдэг байх
Үйл ажиллагаагаараа иргэдэд итгэгдэн үнэлэгдэж байхыг эрхэмлэнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа цаг үеэ олсон, үнэн бодитой, итгэлтэй, алдаа мадаггүй, ач холбогдолтой байх ёстой.
Эрхэмлэх үндсэн зарчим 5: Хариуцлагатай байх
Төрийн захиргааны хяналт шалгалтын мөн чанар юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагааны үр дүнг тайлагнан, хуульд заасан хариуцлага хүлээнэ.
Tweet