2020 оны 2 сарын 20 3685
Халдваргүйжүүлэлт гэдэг нь халдвараас урьдчилан сэргийлэх зорилготой эмгэг үүсгэгч бичил биетнүүдийн өсөлт үржилтийг зогсоож устгах арга хэмжээ юм.
Ариутгал гэдэг нь физик болон химийн хүчин зүйлсийг ашиглан тухайн объектод амьд байгаа бүх бичил биетнүүдийн амьдрах чадварыг бүр мөсөн үгүй хийхийг хэлнэ. Энд халуунд тэсвэртэй эсийн спор хамаарахгүй.
Усыг ариутгах арга
Хлор: Хлор агаараас 2,45 дахин хүнд хортой хий бөгөөд түүнийг цэврээр нь эсвэл олон нэгдлүүдийг нь амьдрал ахуйн олон салбаруудад өргөн хэрэглэдэг. Хлор хий, шингэн, хатуу 3 хэлбэртэй байдаг. Тасалгааны температурт жирийн атмосферийн даралтанд ногоовтор шар өнгөтэй, хурц тааламжгүй үнэртэй хий байдаг.
Хлор амьд организмд хүчтэй нөлөөлж урвалд их идэвхитэй ордог. Шингэн хлор нилээд хөдөлгөөнтэй (урсамтгай) тослог шингэн бөгөөд тэр нь жирийн температурт улбар шар туяатай, ногоовтор өнгөтэй байдаг.
25 0C-д шингэн хлорын хувийн жин 2,427 г/см3 байх ба температурыг -102 0С хүртэл бууруулахад хлор нь хатуурч бүдэг ягаавтар өнгө бүхий жижиг талст хэлбэртэй болж хувийн жин нь 2,147 г/см3 болно.
Хлор нь усанд уусдаг боловч температурыг нэмэгдүүлэхэд уусалт мууддаг. Харин шингэн хлор усанд уусахдаа муу. Ийм ч учраас түгээгүүрийн усыг ариутгахдаа зөвхөн хийн байдалтай хлорыг хэрэглэдэг. Хлорыг олон янзаар гарган авч болох боловч хамгийн өргөн хэрэглэгдэг нь хоолны давсыг цахилгаанаар (электролизээр) задлан гаргах арга юм.
Хуурай хлор нь цагаан тугалга, хөнгөн цагаанаас бусад металлуудтай бараг үйлчилдэггүй боловч харин чийг усны оролцоотойгоор бүх металлуудтай хүчтэй үйлчлэлцэж түүнийг иддэг. Агаар дахь хлорын хэмжээ 0,1-0,2 мг/л хүрэхэд хөхүүлэн ханиалгаж толгой өвдөх зэргээр хүнд хортой үйлчлэл үзүүлж 0,3 мг/л болоход үхэлд ч хүргэж болдог.
Хлоржуулах арга: Усыг ариутгах гол аргын нэг нь хлоржуулалт бөгөөд хлоржуулалтанд хийн байдалтай хлор эсвэл хлорын шохойг хэрэглэдэг.
Хлорын шохой (CaOCI2)
Хлорын шохой нь устай нэгдэж хлортойвтор хүчил, хлорт кальци, кальцийн шүлтийг үүсгэдэг.
2 CaOCI2+H20=2HOCI+CaCI2+Ca(OH)2
Энд ууссан хлортойвтор хүчил нь задарч атомын байдалтай хүчилтөрөгчийг үүсгэж тэр нь бактерийн эсийн протоплазмын найрлаганд ордог бодисыг хүчтэй исэлдүүлж элдэв бактерийг устгадаг байна.
HOCI=HCI+O
Хлорт хамгийн амар хялбар өртөгддөг бактериуд нь гэдэсний хижиг, цусан суулга холерийг үүсгэгч бактериуд юм.
Энэ урвалаас үүсч буй хлорт кальци (CaCI2), кальцийн шүлт (Ca(OH)2) хоёр нь усыг ариутгах процесст оролцдоггүй. Ялангуяа хлорт кальцийн найрлага (CaCI2), дахь хлор нь цаашид үйлчлэл үзүүлэхгүй (идэвхгүй) болж үлддэг. Үүнээс үзэхэд хлорын шохой дахь хлорыг идэвхтэй, идэвхгүй хлор гэж хоёр хуваах бөгөөд шохойн найрлага дахь идэвхтэй хлорын (HOCI) хэмжээгээр хлорын шохойн шинж чанар тодорхойлогддог. Хлорын шохойн идэвхтэй хлорын хэмжээ нь тогтворгүй байдаг бөгөөд тэр нь складанд хадгалах явцад байнга буурч байдаг. Учир нь гэрэл, дулаан, чийг, агаарын нүүрсхүчлийн хийн нөлөөгөөр задарч хлорт кальци үүсгэн агаарт хүчилтөрөгчийг ялгаруулдаг.
Хлорын шохой дотор үүсч буй хлорт кальци нь (CaCI2) нь ашиггүйгээр үл барам өөрөө ус чийгийг гаднаас их татаж авдаг учир хлорын шохойг задлаж муутгаж байдаг. Бас хлорын шохойд төмрийн давсууд муу нөлөөтэй байдаг. Ийм учраас хлорын шохойн найрлага дахь идэвхтэй хлорын хэмжээг их байлгахын тулд харанхуй хуурай газарт татагч шүүгээтэй өрөөнд 50, 100, 275 л-ийн багтаамжтай модон торхонд (бочконд) хадгалж болно. Ингэж хадгалалтын дээрх нөхцлийг биелүүлвэл хлорын шохой дахь идэвхтэй хлорын алдагдал сард 0,26-1 % байж болно.
Хлорын шохойн идэвхитэй хлорын хэмжээг лабораторит улиралд нэгээс доошгүй шалгуулж байх хэрэгтэй.
Хийн байдалтай хлор (CI2)
Төвлөрсөн ус түгээгүүртэй газарт ариун цэврийн шаардлагыг хангаагүй усыг хүн амд хэрэглүүлбэл нийтийг хамарсан өвчлөлтийг үүсгэх аюултай. Иймд өвчин үүсгэгч бичил биетийг устгахын тулд усыг боловсруулсны дараа түүнийг хлоржуулах аргаар халдваргүйжүүлж ариутгадаг. Одоо үед нийтийн ус түгээгүүрт өргөн дэлгэр хэрэглэж байгаа арга нь хийн байдалтай хлорыг шахаж ариутгах юм.
Хлоржуулалтыг хийхдээ цэвэрлэх станц дээр шүүх, тунгаах зэргээр усыг боловсруулсны дараагаар цэвэр усны санд шахахын өмнө гүйцэтгэдэг бөгөөд усны бохирдолтын хэмжээнээс хамаарч хлорын шаардагдах хэмжээ янз бүр байх боловч 0,5-2 мг/л түүнээс их ч байж болно. Харин нормоор бол түгээгүүрийн усанд үлдэгдэл хлор 0,3 мг/л-ээс багагүй 0,5 мг/л-ээс ихгүй байх ба энэ нь насос станцад хамгийн ойрхон цэгт байвал зохих хэмжээ болно.
Шахаж буй хлор устай холилдсоноос хойш 30 минутын дараа халдваргүйжүүлэлт явагдана. Хлорын шаардагдах хэмжээ ихсэхэд усыг тааламжгүй үнэр амттай болгож, багадвал бүрэн халдваргүйжүүлж чадахгүй болдог бөгөөд усан дахь үлдэгдэл хлорын хэмжээ 0,3-0,5 мг/л болоход л усанд тааламжгүй үнэр бий болдог. Гэхдээ энэ хэмжээний хлортой байхад хэрэглэгчдэд хор хөнөөл төдий л үзүүлдэггүй гэж үздэг.
Сүүлийн үед хлороос ялангуяа элэгний өвчлөлт (рак) үүсэх боломжтой гэсэн хандлага нилээд гарах болсон. Иймд хэрэглэгчид өөрсдөө усыг задгай саванд хийж тавих юмуу буцалгаж дээрхи үнэрийг арилгаж байх нь чухал.
Tweet